Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ
Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд янз бүрээр л ярьж байна. Мэдээж, энэ богинохон хуульд сайн, муу талууд байж л таарна. Хамгийн гол нь олон жил дуншсаны эцэст Үндэсний баялгийн сантай болсон нь чухал юм.

Наад зах нь энэ хууль батлагдсанаар стратегийн ач холбогдолтой ордууд цэгцрэх шинж харагдаад явчихлаа. Хэдхэн хүн халаасалдаг байсан баялгийн өгөөжийг нийтээрээ хүртэх гарц нээгдсэн байна.

Баялгийг, тэр дундаа “...Стратегийн” хэмээн хуулиар тогтоосон ордуудыг хэдхэн хүн эзэмших нь яавч шударга хуваарилалт биш. Угаасаа баялаг гэдэг газрын хэвлийд хэдэн зуу, хэдэн сая жилийн туршид бүтэж боловсорсон эд, хэсэг хүнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй байгалийн хишиг л дээ. Тэгэхээр “...Хайгуул хийсэн, судалгаа явуулсан, тооцоо гаргасан” гэдгээр дулдуйдаж хэдхэн хүн хувьдаа ашиглах нь шударга бус явдал юм. Харин оймс гутал, ширээ сандал бол маргах зүйлгүй үйлдвэрлэгчийн өмч болно. Үүнийг л бүгдээрээ ялгаж салгаад ойлгочих хэрэгтэй. Үндэсний баялгийн сангийн хууль ч ийм агуулга дээр гарсан юм билээ.

Хууль батлагдсаны дараахан Засгийн газар энэ сарын 1-нд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан.

Тус тогтоолд хэд хэдэн асуудлыг тусгасан. Нэг нь уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах  салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захиралд даалгасан байдаг. Энэ хүрээнд "Ачит Ихт" ХХК-тай холбоотой шийдвэрийг гаргасан. Тодруулбал, тус компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмших 2014 оны гэрээг хэрэгжүүлэх, өнгөрсөн найман жилийн хугацаанд олох байсан орлого буюу 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэх үүргийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өгсөн. “Ачит Ихт” ХХК нь 2014 онд катодын зэс гаргах үйлдвэрээ нээсэн. Хувь эзэмшлийн тухайд “Степп куппер” ХХК 78, “Цаглавар” ХХК 22 хувийг нь эзэмшдэг. Энэ хувь эзэмшлийн хэмжээ удахгүй өөрчлөгдөнө гэсэн үг.

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ганцхан “Ачит Ихт” ХХК ашигладаггүй, тэнд одоогоор гурван компани тийм үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаар сүүлийн үед яригдаж эхэлж байна.

Хамгийн анх овоолго ашиглаж эхэлсэн нь “Эрдмин” ХХК байдаг. 1994 оноос овоолгуудад туршилт судалгаа хийж эхлээд 1997 онд үйлдвэрээ ашиглалтад оруулсан. “Эрдмин” ХХК анх 1994 онд байгуулагдахад 51 хувийг “Эрдэнэт” концерн, 49 хувийг АНУ-ын RCM Inc компани эзэмшдэг байв. Улмаар 2001 онд  АНУ-ын RCM Inc компани 65 хувьтай болж, “Эрдэнэт” УБҮ 25 хувь, “Эрдэнэт” концерн 10 хувь эзэмших болсон. 2005 оноос АНУ-ын RCM Inc компани 58.5 хувь, МИКО холдинг ХХК 10 хувь, иргэн Ж.Дамдинжав 6.5 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 25 хувьтай болсон байна.

Энэ хоёроос гадна “Зэс эрдэнийн хувь” гэдэг компани бий. Анх 2010 Д.Алтанхуяг гэдэг хүн санаачилга гаргаж Орхон аймгийн 24552 иргэний нэрийг оролцуулаад “Зэс эрдэнийн хувь” нэртэй хувьцаат компани байгуулсан. Улмаар 2015 онд тус компани нь аймгийн ИТХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай зөвшилцөлд хүрсэн тухай зарлаж, “...Овоолгыг түшиглэн жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах” гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч тэд хөрөнгө оруулалт босгож чадаагүй. Дараа нь 2020 оноос “Бльюмон металс” ХХК 36, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 34 хувийг эзэмших болсон. Улмаар “Бльюмон металс” ХХК 70 хувь эзэмшиж, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувиа эзэмшиж үлдсэн. 2023 оноос тус компанийн 30 хувь бас өөр эзэмшигчид шилжсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид дахин өөрчлөгджээ.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овоолгыг ашиглаж буй гурван компанийн нэг “Ачит Ихт”-ээс төр 34 хувийг нь авахаар болсон. Харин “Эрдмин” ХХК-ийн 25 хувь нь л “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэр дээр үлдэж, үлдсэн нь хувьд очжээ. Мөн “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа бүгд хувийн компани, хувь хүмүүсийн нэр дээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)

скачать dle 12.0