126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”


Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно. Тиймээс отгон чуулганаар заавал хэлэлцэн батлах ёстой хууль бол УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль юм. Энэ хуулиар 126 гишүүн яг ямар дүрэм, журам, дэгийг мөрдөж, хэрхэн чуулганы хуралдаанаа зохион байгуулах, үг хэлэх зэрэг асуудлыг зохицуулах юм. Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалтуудыг хүргэе.

 

 

 

12-оос доошгүй гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулна

 

 

УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. 95 хувь ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно. Улмаар нам, эвслийн бүлэг байгуулах эрх гишүүний тоо наймаас доошгүй байсныг 12-оос доошгүй болгон өөрчилжээ. Мөн чуулганы хуралдаан 64-өөс дээш гишүүний ирцтэй эхлэх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэжээ.

 

 

 

Зарим байнгын хорооны нэр өөрчлөгдөнө

 

 

Одоогийн парламент 11 байнгын хороотой. Байнгын хороод 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нэг гишүүн 3-4 байнгын хороонд харьяалагддаг. Байнгын хорооны хуралд 13 хүн орж, асуудлаа шийднэ: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд байнгын хороонд орж, ажиллахгүй. Нэг байнгын хороонд Засгийн газрын хоёроос илүү хүн оруулахгүй. Ингэснээр Засгийн газраас хамаарахгүй болно гэж үзжээ.  Мөн хуулийн шинэчлэлээр байнгын хороодын тоо хэвээр байх ч заримынх нь нэр өөрчлөгджээ. Тухайлбал, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог Ёс зүй, дэгийн гэж өөрчлөн, дэгтэй холбоотой асуудлыг хариуцан хэлэлцэхээр тусгажээ. УИХ дараах Байнгын хороотой байхаар төсөлд тусгасан байна.

 

Аж үйлдвэржилтийн бодлогын;

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын;

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;

 

Ёс зүй, дэгийн;

 

Инновац, цахим бодлогын;

 

Нийгмийн бодлогын;

 

Төрийн байгуулалтын;

 

Төсвийн;

 

Хууль зүйн;

 

Эдийн засгийн байнгын хороотой байна.

 

Харин Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог нэмж 25 хүртэл гишүүнтэй байхаар тусгасан ч нэг гишүүн хоёроос илүүгүй Байнгын хороонд ажиллах заалт оруулжээ.

 

 

 

Түр хороо

 

 

УИХ-ын гишүүдийн 32-аас дээш хүн санал гаргавал хянан шалгах түр хороо байгуулна. Нэг дор 3-4 хянан шалгах түр хороо ажиллах зохицуулалтыг санал болгоно. Уг хороо нь олны анхаарлыг татсан асуудлыг хэлэлцэхдээ эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байна гэж үзвэл шүүхэд очихоос өмнөх шатанд гишүүдийн саналаар шалгаад явах боломжтойгоор ажиллахаар болгох гэж байна. Гэхдээ хуулийн байгууллагад нөлөөлөхгүй гэжээ.

 

 

 

Маргаан дагуулсан заалт

 

 

Одоогийн хуулиар УИХ-ын гишүүдийн асуулт асуух үндсэн хугацаа дөрвөн минут бөгөөд үүнийг хоёр удаа нэг минутаар сунгах эрхтэй. Мөн дөрвөн минутад багтаан үг хэлэх, байр суурь илэрхийлэх зохицуулалттай. Тэгвэл хэлэлцэж байгаа хуулийн шинэчлэлээр чуулганы хуралдаанд хуулийн төслийг хэлэлцэх нийт хугацааг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс тогтоох нь. Ингэхдээ УИХ-д авсан суудлын тоог харгалзан нам, эвслийн бүлэг, сул гишүүдэд үг хэлэх хугацааг хуваарилахаар заажээ. Өөрөөр хэлбэл, олон суудал авсан нам нь үг хэлж, асуулт асуух их хугацаа авах бол цөөн суудалтай бүлэг, бие даагчид бага минут ногдоно. Улмаар УИХ-ын дарга чуулганд бүртгүүлсэн ирцийн дарааллаар асуулт асуух, үг хэлэх зөвшөөрлийг өгөх юм. Тэгвэл энэ заалтыг хасах саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргаад байна. Түүний саналыг байнгын хорооны хуралдаан дээр дэмжээгүй бол нэгдсэн чуулганаар олонхийн санал авч чадсан. Тэгэхээр энэ заалтыг дахин хэрхэн оруулж ирэх талаар ажлын хэсэг хэлэлцэж байгаа юм.

 

 

 

Мэтгэлцээний парламент байна

 

 

Дэгийн хуульд орж буй нэг шинэчлэлт нь мэтгэлцээн явуулах зохицуулалт. Нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн үе шатуудыг мэтгэлцэх зарчмаар явуулах зохицуулалтыг тусгаад байна. Мэтгэлцээнд илтгэх гишүүнийг тухайн нам, эвслийн бүлэг томилох бөгөөд илтгэгч гишүүн мэтгэлцэх шаардлага, үндэслэлээ 10 минутад багтаан танилцуулж, нам, эвслийн бүлгийн байр суурийг илтгэнэ. Мэтгэлцээнд гишүүд, хууль санаачлагчаас гадна тухайн салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулахаар тусгаад байна.

 

 

 

Гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёр тусдаа байна

 

 

Одоо мөрдөгдөж буй хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг хольсон байдаг. Прокуророос УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулдаг. ОУПХ-ноос УИХ-ын гишүүнийн бүрэн эрх сонгогчдоос олгосон мандат. Тухайн гишүүн хэнээс ч айлгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дарамт шахалтгүйгээр хэрэгжүүлэх нь гол механизм гэж үздэг. Манай улсад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэхэд халдашгүй байдалд нь халддаг. Халдашгүй байдалд баривчлах, нэгжлэг хийх, байцаах, шалгах зэрэг ордог. Тэгэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг хоёр тусдаа байхаар хуульд оруулжээ.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0