Прокурорын байгууллага 2024 оны гуравдугаар сарын 25-29-ний өдрүүдэд 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Өмчлөх эрхийн эсрэг 95, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 32, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 3, Авлига, албан тушаалын болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Кибер аюулгүй байдлын эсрэг тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж 4 иргэнийг Тайланд Улс руу явуулж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан Б.Б, Э.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Иргэн М.Ч-ын цахим орчинд байршуулсан хувийн мэдээллийг ашиглан гэрийн хаягаар нь очиж, өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан гэж хуурч мэхлэн дансны мэдээлэл, иргэний үнэмлэх, банкны карт, гар утас зэргийг нь хураан авч, дансанд нь байсан 63,200,000 төгрөгийг шилжүүлж авсан Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Тээврийн прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Г” ХХК-ийн захирал Л.Ч нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ гэж УЕПГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)