Швед улс НАТО байгууллагын 32 дахь гишүүн боллоо

Швед улс НАТО байгууллагын 32 дахь гишүүн боллоо

 

Хүсэлтээ гаргаснаас хойш бараг хоёр жилийн дараа Швед улс НАТО байгууллагын албан ёсны гишүүн боллоо. Тус улс Умард Атлантын Гэрээний Байгууллагын 32 дахь гишүүн болж байна. 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан довтолсон нь төвийг сахих уламжлалт гадаад бодлоготой Швед улсын байр суурийг эрс өөрчлөгдөхөд хүргэсэн юм. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр X хуудсандаа Швед улсын чадварлаг арми, нэгдүгээр зэрэглэлийн батлан хамгаалах аж үйлдвэр тус байгууллагыг улам хүчирхэг, аюулгүй болгож байгааг сайшаажээ. “Манай шинэ холбоотон Шведтэй хамт НАТО хойч үеийнхээ эрх чөлөө, ардчиллын төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.

 

“Туулах зам бага зэрэг урт ч энэ өдрийг ирнэ гэдгийг бид эхний өдрөөс л мэдэж байлаа” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Европын бас нэг улс Оросын түрэмгийллээс илүү сайн хамгаалагдлаа” гэж Шведийн гишүүнчлэлийг талархан хүлээж авснаа мэдэгдсэн байна. Швед улсыг гишүүнээр элсэхэд НАТО-гийн хоёр гишүүн орон саад учруулсан нь Турк, Унгар байлаа. Курдийн салан тусгаарлагчдыг дэмждэг гэсэн шалтгаанаар Турк улс Шведийн гишүүнчлэлд хориг тавиад байснаа энэ оны нэгдүгээр сард цуцалсан юм. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан мөн өөрийнх нь бодлогод шүүмжлэлтэй ханддаг шалтгаанаар Шведийн гишүүнчлэлийг дэмжилгүй удаасан. Гэхдээ эцэст нь байр сууриа өөрчилснөөр дөнгөж өнгөрсөн долоо хоногт гишүүнчлэлийг нь дэмжсэн юм. НАТО-д шинэ гишүүн элсэхийн тулд бүх гишүүн орнууд дэмжсэн тогтоол гаргах ёстой байдаг.

скачать dle 12.0