Английн Засгийн газар бүтцээ өөрчлөв

Английн Засгийн газар бүтцээ өөрчлөв

 

Английн ерөнхий сайд Риши Сунак даваа гарагт Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийлээ. Түүний шинэхэн томилгоогоор ерөнхий сайд асан Дэвид Камерон гадаад хэргийн сайдын албыг хашихаар болов. 2010-2016 оны хооронд тус улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Камерон Сунакын Засгийн газрын бүрэлдэхүүнд нэгдсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр цахим X платформ дээр “Хэдийгээр сүүлийн долоон жилийн турш улс төрөөс хөндий байсан ч 11 жилийн турш консерватив удирдагч, зургаан жил Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлага маань өнөөгийн тулгамдсан асуудал болон сорилтуудыг даван туулахад өөрийн чадлын хэмжээнд туслах болсондоо баяртай байна” хэмээн жиргэжээ. Мэдээж энэ бол энгийн нэг томилгоо биш. Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Украин дахь түрэмгийлэл зэрэг бүс нутгийн асуудлуудад Риши Сунак туршлагатай улстөрчийг дэргэдээ авчран, гадаад харилцаагаа хүчирхэгжүүлж байгаа нь энэ.

 

Английн гадаад хэргийн сайд Суэлла Браверман, Лондон  хотноо өрнөсөн Палестиныг дэмжигчдийн жагсаалд цагдаагийн байгууллага хэт нэг талыг барьсан үйлдэл гаргасан хэмээн шүүмжилсэн. Түүний энэ шүүмжлэлд барууны орнууд төдийлөн сайшаалтай хандаагүй. Харин Дэвид Камерон бол Сунакын өмнөх Английн хамгийн залуу засгийн газрын тэргүүнээр тодорч байсан юм. Тэрбээр ерөнхий сайдын албыг хашиж байх хугацаандаа манай улстай найрсаг харилцааг бэхжүүлж эдийн засагт өндөр ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч байсан. Мөн хүн хоорондын харилцаа болон соёлын харилцааг идэвхжүүлэх талаар хамтран ажиллаж байсан юм. 2015 онд Европын холбооноос гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсны дүнд Англи улс Европын холбооноос гарч ерөнхий сайд албан тушаалаасаа бууж байсан юм. Ерөнхий сайд Риши Сунакын дээрх томилгоогоор экс ерөнхий сайд улстөрд ийнхүү эргэн ирэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)

скачать dle 12.0