Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” нэгдсэн уулзалт наймдугаар сарын 25-ны өдөр болсон.
Мөн УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг мөн бүрэн хариуцах шийдвэр гарсан. Тийм учраас бид бүхэн энэ удаагийн сурвалжилгаараа багш нарын цалин хөлс, хангамжийн асуудал, багш мэргэжлийн сургалтын төлбөрийг төрөөс бүрэн даах шийдвэрийн талаар хөндлөө.
Бид бүхэн "Оюуны-Ундраа" цогцолбор сургуулийн нийгэм, түүхийн багш Ш.Ган-Очиртой уулзаж, сэтгэгдлийг нь сонссон. Тэрбээр, Багш нарын цалин хөлс бага байгаа учраас багш мэргэжлээр суралцах оюутан бага болж байна. Түүнээс биш сурах төлбөргүйдээ сурахгүй байгаа юм биш. Багш нарын ажиллаж байгаа шалтгаан нь ажилдаа хайртай, мэргэжилдээ гаршсан, хүүхэдтэй ажиллахад эерэг энерги авдаг, төрийн албан хаагчийн ажлын байр тогтвортой ийм л шалтгаан байдаг. Миний хувьд багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх бус цалинг нь нэмж, шалгуурыг нь өндөрсгөж өгвөл багш мэргэжлээр сурах оюутан залуусын тоо өснө.
Багш гэдэг бол улсын ирээдүй болсон хүүхдүүдийг бэлтгэдэг. Гэтэл нийгэмд эзлэх байр суурь муу, цалин хөлс нь бага. Цалингийн нэмэгдэл гэж мэргэжлийн зэргээс шалтгаалан зөвлөх 20, тэргүүлэх 10, заах аргачлал 15, Доктор 5-20 хувийн нэмэгдэл авдаг. Төрийн албанд ажилсан жил бүрд нэг хувь, илүү цаг 1.5-2 дахин нэмэгдэх, анги даасан 10 хувь гэх мэтчилэн нэмэгдэл авдаг. Гэсэн хэдий боловч гэсэн хүн харахад л үндсэн цалин дээрээ олон, олон нэмэгдэл авч байгаа боловч яг үнэндээ үндсэн цалин хэд билээ.
Өнөөгийн нийгэмд инфляцийн өсөлт өндөр байгаа энэ үед авч байгаа цалин бол бага байна. Үүнээс улбаан багшийн мэргэжлээр ажиллах хүмүүсийн тоо эрс багассан. Засгийн газраас санаачилж байгаа багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн төлбөрийг 100 хувь хөнгөлөх нь чанартай багш бэлтгэх гэдэг нь юу л бол гэсэн юм.
Үнэхээр ч багш мэргэжлийн нийгэм дэх үнэлэмж буурсан, цалин бага гэсэн шалтгаанаас үүдэн тус мэргэжлээр сурах хүмүүсийн тоо эрс багассан гэдгийг хаа хаанаа хэлдэг. Тийм ч учраас Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрт эргэлзэх хүн цөөнгүй байна.
Энэ тухай Түүх, нийгмийн багш Б.Энхжин “Анх багш мэргэжлийг сонгоод, суралцаад төгсөх үедээ чавдарлаг, сайн багш болоод олон чадварлаг, мэдлэгтэй иргэдийг бэлтгэхийг хүсдэг байлаа. Одоо ч гэсэн мөрөөдөлдөө алхам, алхмаар ойртож, мөрөөдлөө биелүүлж байгаа ч авч байгаа цалин минь мэргэжилдээ шантрахад хүргэж байна. Үндсэн цалин маань 1.2 сая төгрөг. Үүнээс нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгал гээд татвараа төлөөд гар дээр бэлэн нэг сая төгрөг хүрэхтэй үгүйтэй л авч байна. Өнгөрсөн оноос эхлэн багшийн үйл ажиллагааг дэмжих зардал нэмж өгсөн.
Түүнээс биш өмнө нь бид чинь хичээлийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээ өөрсдөө авдаг байлаа. Мөн дээрээс нь ажиллах орчин нөхцлийг сайжруулах хэрэгтэй. Нэг анги танхимд 40-45 хүүхдүүдэд 40 минут хичээл орох нь хүүхдүүд хичээлээ ойлгох, багш нар ч хичээлээ хүртээмжтэй байлгахад хүндрэлтэй байдаг. Хүүхдүүдийн сурах нөхцөл, багш нарын ажиллах орчныг сайжруулж байж чанартай мэдлэг олгоно шүү дээ” хэмээн хэллээ.
Багш мэргэжил эзэмшсэн оюутны төлбөрийг энэ төсвийн жилээс эхэлж Засгийн газар 100 хувь хариуцах болсныг Ерөнхий сайд зарлалаа шүү дээ.
Монголчууд бид үнэгүй юманд хүндэтгэлгүй ханддаг. Хэдий төлбөргүй болоод олон оюутан элсэн суралцлаа гээд төгсөөд мэргэжлээрээ ажиллах эсэх нь эргэлзээтэй, цалин багатай, нийгэмд эзлэх байр суурь муутай байхыг хэн ч хүсэхгүй. Энэ шийдвэр нь багш гэх мэргэжлийн үнэ цэн, нэр хүндийг унагасан шийдвэр гэж харж байна.
Намайг анх багшилж эхлэхэд буюу 1981-1989 он хүртэл багшийн мэргэжил үнэлэх үнэлэмж өндөр байлаа. Шалтгаан нь багш гэх мэргэжлээр суралцах нь өндөр шалгууртай, төгсөөд авах цалин нь тухайн үеийн дарга нар шиг цалин авдаг, нэр хүнд сайтай, хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн байсан. Гэтэл одоо хамгийн муу оноо авсан хүүхдүүд багш болж байна. Гэхдээ мэдээж хүсэл мөрөөдлөөрөө орж байгаа хүүхдүүд ч байгаа. Миний харж байгаагаар төлбөр хөнгөлөх нь Засгийн газар хийгээд УИХ гишүүд дахин сонгогдох гэсэн ядмаг арга гэж харж байна. Мөн одоо цагт үр хүүхдэдээ анхаарал тавьдаг эцэг, эх бага байна. Хэдэн төгрөг олох гэж цаг наргүй ажиллаж хүүхдэдээ анхаарал тавихгүй, ямар хүн болж байгааг анзаарахгүй.
Гэтэл хүүхдүүд эрх, эрх чөлөө гэдгийг буруугаар ойлгож, эрх чөлөө гэдгийг хариуцлага гэдгийг мэдэхгүй байна. Багш хүүхдийг болохгүй зүйл хийхэд нь загнахад л сошиал ертөнц, 108 гэх мэтчилэн багшийн нэр төрд халдаж, үл хүндэтгэж, үл ойшоож байна. Энэ нь нэг талаасаа эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дэргэд багшийг нь муулах, доромжлохтой холбоотой бол нийгэм багш гэх хүнийг үнэ цэнгүй болгосон. Мөн улсын төсвөөс төсөвлөж өгсөн мөнгө нь анги танхимаа засаж сайжруулахад хүрэлцэхгүй. Ингээд эцэг эхээсээ мөнгө хурааж тохижуулахад багш мөнгө идсэн хэрэгт унадаг. Хүнд хоёр төрлийн багш байдаг гэж би боддог. Орхимж өмссөн лам багш, үсэг зааж эрдэмд заасан багш хоёр адилхан хүний төлөө байдаг атал хүмүүс лам багшид мөргөж сүсэглэж хүндэлдэг хэрнээ ардын багшаа гутлын улнаас дор үзэж байна шүү дээ өнөө цагт хэмээн математикийн ахмад багш Н.Гомбо гуай халаглан өгүүлж байна.
Үүнээс харахад Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрт эргэлзэх, буруу хэмээн хүлээн авах хүмүүс олон байна. Үнэхээр ч үнэгүй юм гэдэг хүндгүй байдгийн адилаар багшийн мэргэжлээр олон хүүхэд элсэх ч жинхэнэ багш болон төгсөх нь хэд байх нь бас л эргэлзээтэй. Тийм ч учраас элсэлтийн босго оноог нь өндөр болгож, хүүхдийг энэрэх, хайрлах сэтгэлтэй, хүнээр хүн хийж чадах хүүхдүүдийг сонгон багш болгох нь зүйтэй хэмээн багш нарын төлөөлөл үзэж байна.
С.НОМИНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл (0)