ИРЭХ ЖИЛИЙН БАЯР НААДМААР ЗАХЫГ НЬ МУШГИХ НАЧНЫ ЭНТЭЙ АЙМГИЙН АРСЛАНГУУД

ИРЭХ ЖИЛИЙН БАЯР НААДМААР ЗАХЫГ НЬ МУШГИХ НАЧНЫ ЭНТЭЙ АЙМГИЙН АРСЛАНГУУД

 

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шинэ залуу үе түрэн гарч ирж, монгол түмэн шинэ арслан, гарди, хоёр харцага, гурван начинтай болов. Энэ жилийн баяр наадамд урьд өмнөх жилүүдээс харьцангуй бага улсын цолтон төрснийг олон хүн хэлж байна. Тэгвэл энэ жил өвдөг шороодсон ч ирэх жил улсын цолны төлөө хүч үзэж, улсын цолны даваанд хүрэх нь дамжиггүй начны энтэй аймгийн арслангуудыг танилцуулж байна.

 

АРХАНГАЙ АЙМГИЙН АРСЛАН Э.МӨНХЖАРГАЛ

Архангай аймгийн Хотонт сумын харьяат Э.Мөнхжаргал 1997 онд төрсөн. 2015 онд төрөлх Хотонт сумынхаа баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, сумын начин цолонд хүрснээр бөхийн замналаа эхлүүлсэн гэдэг. Улмаар Э.Мөнхжаргал 2017 онд сумандаа түрүүлж, цолоо ахиулан Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлага дор “Сүлд” спорт хороонд бэлтгэл хийж эхэлсэн. Тэрбээр 2019 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн начин Э.Төгөлдөрт өвдөг шороодон үзүүрлэж, аймгийн заан цолд хүрсэн. Харин өнгөрсөн жил буюу 2022 онд Багахангай дүүргийн баяр наадамд аймгийн арслан Б.Очирхүүгээр долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн билээ. Үндэсний бөх үзэгч, шимтэгчид гэлтгүй монгол түмэн Э.Мөнхжаргалыг аймгийн заан цолтой байхдаа сар шинийн барилдаанд түрүүлж байснаар нь мэддэг.

 

СҮХБААТАР АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр одоогоос есөн жилийн өмнө буюу Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд үзүүрлэж байв. Улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд үзүүрлэхдээ сумын заан цолтой байжээ. Түүнээс хойш гурван жилийн дараа буюу 2017 онд Сүхбаатар аймгийнхаа баяр наадамд зургаа даван аймгийн харцага цол хүртсэн. Дараа жил нь дахин аймгийнхаа баяр наадамд зодоглож, аймгийн харцага М.Гансүхээр найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРСЛАН Т.ДОВЧИНСЭМБЭЭ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээг нутаг усныхан нь гэлтгүй бөхөд хайртай монгол түмэн “Зааны зангаргатай барилддаг” хэмээх нь бий. Бүр түүнийг “Том цолтнуудын ангууч” гэж хочлох нь ч байдаг. Аймгийн арслан Т.Довчинсэмбээ үндэсний бөхийн замналдаа бараг л улсын цолонд хүрчихсэн бөх. Цар тахлын үед буюу 2021 онд гурван тэгш ойд зориулсан 512 бөхийн барилдаанд долоо давсан байдаг. Тухайн үед үзэгч олон “Т.Довчинсэмбээ улсын зааны батламжаа өвөртлөөд явлаа” хэмээж байсан ч цолыг нь батламжлаагүй. Гэсэн ч жил жилийн наадамд бөхөд хайртай түмний улсын цолонд хүрэх нь дамжиггүй хэмээн харж явдаг бөхчүүдийн нэг нь яах аргагүй Өвөрхангайн хүчтэн, аймгийн арслан Т.Довчинсэмбээ билээ.

 

ХЭНТИЙ АЙМГИЙН АРСЛАН Д.АЛТАНЦООЖ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Алтанцоож 1995 онд төрсөн. Хэнтий нутгийн хүчит арслан Д.Алтанцоож 2014 онд төрөлх сумынхаа баяр наадамд зодоглож, сумын заан цолд хүрч, түүний дараа жил буюу 20 насандаа дахин тэргүүлж, сумын заан цолоо баталж байлаа. Тэрбээр 2019 онд Хэнтий аймгийнхаа баяр наадамд зургаа даван шөвгөрч, аймгийн харцага цолд хүрсэн. Улмаар дараа жил нь аймагтаа дахин хүч үзэн аймгийн арслан З.Наранбаатараар долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН АРСЛАН М.БЯМБАДОРЖ

Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан М.Бямбадоржийг говь нутгаас төрсөн цөөн улсын цолтны нэг болно хэмээн захыг нь мушгиж суугаа хүн олон. Тэрбээр 2012 онд аймгийнхаа баяр наадамд тав даван шөвгөрч, аймгийн начин цол хүртэж байв. Улмаар төрөлх нутгийнхаа 2016 оны баяр наадамд долоо даван үзүүрлэж, аймгийн заан болсон. Түүнээс хоёр жилийн дараа буюу 2018 онд Говьсүмбар аймгийн баяр наадамд найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Тэр жилдээ М.Бямбадорж нутгийнхаа зүлэг ногоон дэвжээнд зодоглосон ч аймгийн начин Б.Баатархүүд өвдөг шороодон үзүүрлэж, чимэг нэмсэн байдаг. Аймгийн арслан М.Бямбадорж зодоглосон заалны барилдаанууддаа үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран сайхан мэх, эд хавтай бөхчүүдийн нэг хэмээн үзэгч олон ярьдаг.

 

https://ergelt.mn/news/105/single/34947

скачать dle 12.0