Өнгөрсөн оны 9 сард энэ асуудал нэлээн өргөн хүрээнд яригдаж, үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ олон шалтгааны улмаас нэмэгдэж байгаа нь гурилын үнийг хамгийн багадаа 50-60 хувиар нэмэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсгээд байгаа тухай “Гурил үйлдвэрлэгч бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ГҮТББ-ын зүгээс албан ёсоор мэдэгдэж байсан. Ийнхүү салбар салбартаа өөрсдийн тогтвортой байдлаа хадгалах үүднээс байж болох хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмээд хэсэг намжсан билээ. Гэтэл гурлын үнэ килограмм тутамдаа 250-300 төгрөгөөр тус тус нэмэгдээд эхэлжээ.
Нийслэлийн статистикийн газраас гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаанд 2022 оны 6 сард нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1499-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байсан бол одоо 2023 оны 06-р сарын 12-ны байдлаар савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2400-2900 төгрөг, 1-р зэргийнх 2100-2500 төгрөг, 2-р зэргийнх 1249-1800 төгрөг байна.
Монголчууд мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа" гэж албаныхан ам бардам ярьдаг ч гурилан бүтээгдэхүүний 30 гаруй, хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихэр, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас импортолдог хэвээр.
Гэтэл дотоодынхоо хэрэгцээг хамгийн өндөр хувиар бүрэн хангадаг гэх гурил үйлдвэрлэлийн гол түүхий эд болох улаан буудайн нөөц хангалттай байхгүй мөн чанарын шаардлага хангахгүй байгаагаас болж ийнхүү гурилын үнэ нэмэгдэх болсон хэмээн гурил үйлдвэрлэгчид ярьж байна. Улаан буудайг чанараар нь:
- 1-р ангиллын улаан буудай
- 2-р ангиллын улаан буудай
- 3-р ангиллын улаан буудай
- 4-р ангиллын улаан буудай хэмээн ангилдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд нөөцөлсөн 1,2,3-р ангиллын улаан буудайн нөөц дуусаж, 4-р ангиллын улаан буудай үлдсэн байгаа бөгөөд түүнийг дангаар гурил үйлдвэрлэлд ашиглаж болохгүй учраас импортоор сайн чанарын улаан буудай оруулж ирэхээс өөр аргагүй байдалд оржээ. Иймээс л гурил үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнд бага ч болов өөрчлөлт оруулж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа нь энэ юм. Гурил, гурилан бүтээгдэхүүний зах зээлийг тодорхойлж буй үйлдвэрлэгчид хэрэглэгчдэд өдөр бүр шинэ бүтээгдэхүүн хүргэхээс гадна улсад чамгүй хэмжээний татвар төвлөрүүлдэг. Үүнээс гадна тэд гаднаас импортын ямар нэг бүтээгдэхүүн оруулж ирдэггүй. Эх орны хөрсөнд ургасан улаан буудай зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан, эцсийн бүтээгдэхүүн гаргаж, олон зуун ажлын байр бий болгон ажиллаж байгаагаараа онцлог. Гэтэл улсаас тэднийг дэмжсэн дорвитой шийдэл байхгүй, үр дүнгүй алсын хараагүй бодлого шийдвэр гаргасан болоод өнгөрдөг нь өнөөдөр ард иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх гол суурь болоод байна.
Зөв шийдэл, цогц уялдаа холбоо бүхий төрийн бодлого энэ салбарт яаралтай хэрэгтэй байна. Уг дутуу дулимаг байдлаас болж өнөөдөр гурилын үнэ өслөө. Дараа нь бидний өдөр тутмын гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх нь ердөө цаг хугацааны л асуудал болжээ.
Сэтгэгдэл (0)