ТОМ АМБИЦ, ТОМ ӨӨРЧЛӨЛТ


За, товарищууд Үндсэн хуулиа өөрчлөөд авлаа. 2024 оноос цааш УИХ том жижиг бүх намыг төлөөлсөн 126 гишүүнтэй явахаар боллоо. Батлахаас нь өмнө гишүүдийн тоо нэмэгдэх нь гээд багагүй л шаагицгаав. Үнэн хэрэгтээ 2016 оноос хойш Монголын парламентад нэг нам дангаар ноёрхож ирлээ.
Харин нийт сонгогчдын 58 хувийн саналыг авсан АН болон бусад нам эвслийн төлөөллүүд гудамжинд үлдсэн эрүүл бус сонгуулийн системтэй явж ирсэн. Сонгогчдын дөнгөж 42 хувийн санал авсан нам УИХ-д 62 суудалтай, үнэмлэхүй олонх байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү. Хууль ёс шударга хэрэгжих үү. Шулуухан хэлэхэд, 62 гишүүний 50 хувийг гадны хүчин зүйлс байтугай дотоодын нэг аж ахуйн нэгжийн эзэн ч худалдаад авчихаж чадна. Ашиг сонирхолдоо үйлчлэх хүссэн хуулийг гаргуулахад асуудал байхгүй. Монголын хувь заяаг эргүүлэхэд 500 сая ам.доллар хангалттай гэсэн золбин үг тодорхой хүрээнд яригддаг нь нууц биш шүү дээ. УИХ-ын 50 гишүүн тус бүрт нэг сая ам.доллар хангалттай гэсэн гадны гар хөлийн ч яриа бий. Ийм эмзэг төр засагтай, хууль ёстой байна гэж юу байсан юм бэ. 50 улстөрчийг худалдаж авах, 100 гишүүнийг худалдаж авахын хооронд басчиг ялгаа бий. Аргаа барсан хүний үг юм даа. Гэхдээ л нэг намын 62 гишүүнтэй ярьж тохирох, олон намыг төлөөлсөн 126 гишүүнтэй халзагнахын тухайд бүтэлтэй, бүтэлгүй юм дуракуудад тулгарах нь тодорхой. Ийм л учраас УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоондоо харьцуулан олон болгох нь цаг үеийн шалгарсан шаардлага болсон байж таарна. Дээр нь сонгогчдын санал ингэж хэдэн зуун мянгаар гээгдмээргүй байна. Ийм эрүүл системийн эхлэлийг энэ жилдээ багтааж хийгээгүй бол Монгол Улс цаашдаа балрахаар болчихсон юм угаасаа. Тэгэхээр гишүүд нэмэгдэхээс илүү тогтолцоо өөрчилсөн нь чухал.
Л.Оюун-Эрдэнийн “Манайх хэдхэн мөнгөтэй хүнтэй. Сонгууль болохоор тэр хэдхээн мөнгөтэй хүмүүс дээрээ давхиж очоод хандив авдаг. Хандивынхаа төлөөсөнд шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг өгдөг. Нийслэлийн газраа, өмч хувьчлалаа, ашигт малтмалын лицензүүдээ бүгдийг нь өгдөг. Ингээд нэг ийм хэдхэн хүний гарт орчихсон. Энэ нь аль аль намын системд нөлөөлдөг нь нууц биш. Ийм байдалтай 30-аад жил явж ирсэн. Үүнийг л бид хамтдаа задалж байж л эдийн засаг илүү хүртээмжтэй байх нөхцөл бүрдэнэ. Сая нүүрстэй холбоотой асуудал, хил болон аман дээр байгаа үнийн зөрүү эдийн засаг ханшийн нөлөөнд, ДНБ-ий өсөлтөд ганцхан шийдвэр яаж нөлөөлж байгааг бид харж байна. Одоогоор улсын төсөв бараг нэг их наядаар давж биелж байна шүү дээ. Энэ чинь нэг их наядын далд эдийн засаг байсан л гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ ийм асуудлуудаар зоригтой шийдэл гаргаад л, сөрөг хүчинтэйгээ, улс төрийн бусад намуудтайгаа хамтраад явбал тэр хүмүүс яаж ч чадахгүй. Бид эрх мэдлээ энэ ордон дотор л байлгах хэрэгтэй. Ордны гадна байгаа өндөр байшингуудад биш. Би нэг зүйлд үнэхээр баяртай байгаа. Одоо ингээд ил тод болж байна. Цахимжиж байна. Бүх асуудлууд ил тод яригдаж байна. Мэдээж дунд нь жижиг сажиг эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэдийн мэдэх эрх хангагдаж байна. Иргэд мэдэхийн хэрээр, иргэд үнэнийг ойлгохын хэрээр өнгөрсөн 30 жилийг өөр өөрсдийнхөөрөө маш бодитой дүгнэж байна. Тэгэхээр үүн дээр МАН, АН гэж мэтгэлцэхээс илүүтэйгээр энэ хоёр намыг системийн хувьд бусниулсан тэр албан бус бүлэглэлийг л олж харах ёстой. Тэр бүлэглэлийн гишүүдээсээ МАН ч, АН ч салах хэрэгтэй. ХҮН энэ бүлэглэлийн гар хөлийг оруулахгүй байх ёстой. Ингэж хааж чадаад, иргэдийн төлөөллийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор оруулж чадвал энэ нь том реформ болно. Ингэж чадалгүй тэр бүлэглэлийн гарт орж, намын жагсаалтыг худалдаж намын санхүүжилтээ босгох байдал руу шилжвэл энэ бол том эрсдэл болно. Олон боломжийг хаана гэсэн үг” гэж УИХ дээр хэлснээс л нүдэнд харагдаж, ой тойнд буугаад ирж байна лээ...
Ер нь бол УИХ-ын дарга дээр Д.Амарбаясгалангийн барьж орсон энэ төслийн эхийг ноороглосон хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Түүнийг боддог юм, “Л.Оюун-Эрдэнэ ер нь ингэтлээ улс орныг доргиох ямар учир шалтгаантай, өс хонзонтой, санаа шулуудсан нөхөр юм бол” гэж. Ганц энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлээд байгаа юм биш. Өнөөдөр тэрбээр Ерөнхий сайд, Намын дарга. Энэ суудалд хүрсэн хүн эгнэгт “босмооргүй” тийм сайхан суудал. Суудалтайгаа үхэн хатан зууралддаг өмнөх түүх дурайж байна. Харин Л.Оюун-Эрдэнэ тэгж харагдахгүй байгаад ямар учир нь байна вэ гэж гайхдаг юм. Байнга гал тавина. Атгана чиг. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн улс төрд орж ирсэн түүх нь бусдын л адил. Харин ч МАН-ын томчуудтай бусдаасаа ч илүү холбоотой явж ирсэн. У.Хүрэлсүхээр татуулж, М.Энхболдоор түлхүүлж их улс төрийн босго давсан. Энэ талаасаа эдгээр ах нарынхаа ачийг хариулаад дуулгавартай гэгч нь сууж байх ёстой хүн мөнөөс мөн. Гэтэл тэгдэггүй. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2019 онд ЗГХЭГ-ын дарга болж, 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших он жилүүдэд Монголд юу юу ч болоод өнгөрөв. Нүүрс, сан, Оюу толгой, Эрдэнэт гээд асуудал хөндөх болгондоо ах нарынхаа сүүлийг сөхнө. Нэг талаас ингэж огцрох болзлоо өдөр бүр л хангадаг. Ерөөсөө ах нарынхаа ч, өөрийнхөө ч өгсөж ирсэн шатыг хөрөөдөж суудаг хүн. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт бол хамгийн том жишээ болно. Удахгүй бүх том дарга нар, тэдний хамаарал бүхий хүмүүс тендерт орохыг хуулиар хориглоно гэсэн. 5Ш хөтөлбөр гэж байгаад хамаг сангуудыг нэвсийтэл дэлгэж байна. Шувуу гээд Жунай даргыг авчраад суулгачихсан. Жунай дарга өөрөө “Нэг мөр цэгцлээд гарья” гэсэн шиг байгаа юм. Хугацаа сар сараар сунгуулчихна. 2018 оноос гадаадад сэтгэл зүй тэвчсэн түүнд Монголдоо хоригдох асуудалгүй л дээ. Жунай даргын зам явсаар Л.Оюун-Эрдэнээс бусад дээр очоод байгаа гэх хэрэггүй шахуу хов тэнүүчлээд удсан. Энэ бүгдийг тэр Ерөнхий сайд байх хугацаандаа яадаг ч байсан хийнэ гээд гүрийчихсэн юм байна лээ. Олон эх сурвалжаас тэгж сонссон, бас хийж байгаагаас нь хараад л байна. Хэлээд байдгаараа “өнгөрсөн 30 жилийг засаад” үлдээвэл энэ нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх хугацаандаа Монголын улс төрд үлдээх зөв өв болно. Улстөрчийн үлдээсэн сайн өв улс орныг өөд нь татдагийг бид хөгжсөн орнуудаас харж байна шүү дээ...
Ухаад “удар” өгөөд байгаа бүхэндээ орооцолдож амжаагүй давуу талтай харагддаг. Гэхдээ залуу улстөрчид дутуу хийж алдаа гаргах аюул байдгийг улс төр судлаачид бичдэг. Дутуу сэрвэгнээд байвал замын дундаа нухуулна. Зүгээр л гүйцэд хийх хэрэгтэй...
Ер нь Л.Оюун-Эрдэнээс маш том амбиц харагддаг. Сая Францын Ерөнхийлөгч Макроноос юу аминчлан хүссэн гэчихэв ээ. “Далайд гарцгүй орнууд нэгдэж, нэг дуу хоолойтой болох бүлэг байгуулья. Та миний саналыг НҮБ болон “Их долоо”-гийн түвшинд дэмжинэ үү” гэсэн байгаа юм даа. Өөрөө толгойлох, зохион байгуулах гэнэ. Далайд гарцгүй 44 улс орон энэ дэлхийн таван тивд бий. Үгүй ээ мөн том амбиц аа… Ийм том амбиц л том өөрчлөлтийг хийдэг байх шүү. Лавтай...
скачать dle 12.0