Ял шийтгүүлсэн улстөрчид УИХ-д нэр дэвших ийм гурван гарц олжээ

Ял шийтгүүлсэн улстөрчид УИХ-д нэр дэвших ийм гурван гарц олжээ
“Яаж УИХ-д нэр дэвших вэ” гээд толгойгоо гашилгаж суугаа цөөнгүй улстөрч бий. Гол нь тэдэнд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших гарцаа олох нь чухал юм. Яг ийм зовлонтой гурав, дөрвөн улстөрч сүүлийн үед салахаа больжээ. Тэд улс төр, нийгмийн бужигнаанд нэлээд идэвхтэй оролцдог. Тэгэхээр хэн, хэн ингэж явааг нь хэлүүлэлтгүй, бараг тодорхой болж буй биз ээ. Тэд УИХ-д нэр дэвших гарцыг хамтдаа хайсан юм байна. Ингээд гурван гарц олжээ.

Нэгдүгээрт, шүүх дээр хэргээ “задлах” арга байна гэж үзжээ. Бид мэднэ, Дээд шүүхийн зарим шүүгч тусгай санал гаргаж, гурван шатны шүүхээр шийдсэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Нэгэн хуульч үүнтэй заргалдаж, Дээд шүүхийн нэр бүхий гурван шүүгчтэй холбоотой гомдлыг АТГ, Шүүхийн сахилгын хороонд гаргасан. Шүүхийн сахилгын хорооноос дээрх гурван шүүгчид сахилгын хэрэг нээгээд шалгажээ. Өнгөрсөн долоо хоногт хуралдаан нь болсон юм. Сахилгын хорооны гишүүд “Энэ бол сахилгын хэрэг биш байна” гэж үзжээ. Ингээд тэдгээр шүүгчийн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Сахилгын хороо ийм шийдвэр гаргаснаар Дээд шүүхийн шүүгчдийн тусгай саналаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийн зөрчилгүй гэж ойлгогдож байна. Тэгэхээр энэ нь ял шийтгүүлсэн улстөрчдөд боломж болж буй ажээ. “Ирэх сонгуульд яаж нэр дэвших вэ гээд гүйлдээд байсан улстөрчид ч үүнийг мэдсэн юм шиг Дээд шүүхийг “хараалаад” эхэлчихсэн” гэх мэдээлэл байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдтэй “ажиллаж” УИХ-ын сонгуулийн тухай хуулиас хаалт болдог заалтыг авахуулах гэнэ. Уг хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан. Үүнийг “Албан тушаалын” гэдэг үгийг авчихад л “УИХ-д нэр дэвших гарцаа олно” гэж хамт яваад байгаа ял шийтгүүлсэн улстөрчдийн эрх ашиг хангагдах учиртай юм байна. Тиймээс УИХ-ын даргын зөвлөлд багтдаг нөлөө бүхий гишүүдтэй уулзаад эхэлжээ. Энэ нь цаг хугацааны хувьд ч маш тохиромжой гэж тэд үзсэн бололтой. УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхэллээ. Залгуулаад Үндсэн хуулийн дараа өөрчлөлтөд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Зарим өөрчлөлтийг хийнэ. Чухам тэр үед нь л “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсний “Албан тушаалын” гэдэг үгийг авахуулахаар ажиллаж байгаа юм байна.

Гуравдугаарт, ийм асуудалтай улстөрчид бас нэг “аврах гарц”-аараа Үндсэн хуулийн Цэцийг оноогоод байгаа ажээ. “УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжоор нэр дэвших эрхийг хязгаарласан нь хүний эрхийг хясан боогдуулж Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн агуулгаар дүгнэлт гаргуулах нь зөв” гэж үзсэн байна. Тиймээс Үндсэн хуулийн Цэц рүү албан бусаар хандаад эхэлсэн бололтой.

Ерөнхийдөө ял шийтгүүлсэн улстөрчид ийм гурван гарц олжээ. Аль нэг “хувилбар”-аар нь УИХ-д нэр дэвших боломжтой гээд үзэж байгаа юм байна. Тиймээс тэдний хэрхэн “ажиллаж” буй нь тун удахгүй УИХ, Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүхийн үйл ажиллагаагаар илэрч мэдэх л юм.

П.Хуяг

скачать dle 12.0