Ардчилагчид АН-д шинэ салхи оруулахыг хүсэж байна

Ардчилагчид АН-д шинэ салхи оруулахыг хүсэж байна

 

АН-д тал засаад байгаа хэрэг биш. Монголын улс төрд яах аргагүй байх ёстой учраас иргэд, олон нийтийн үгийг дамжуулах учиртай. Нөгөө талаар Монголын нийгэм, улс төрд шинэ тогтолцоо орж ирэх магадлал өндөр байгаа учраас тэдэнд болгоомжлол хэрэгтэй. Яг энэ цаг дор тарж бутарсан АН-ыг эвлүүлэн нэгтгэх ажиллагааг Лу.Гантөмөр нэгэнт эхлүүлсэн. Нөгөө талд АН-д санаархасан өвгөдийн байр суурь хэвээрээ байгаа. Түүнчлэн иргэд олон нийтийн 70 шахам хувь нь эрдэм боловсролтой, нэр цэвэр, болж өгвөл ажлын дадлага туршлагатай идэр дунд насны нөхдийг санал болгоод удаж буй гэх мэт олон хүчин зүйл тэднийг ирээдүйд тосон угтана. Нийгмийн захиалга биелүүлж байж улс төрийн нам өөрөө оршин тогтноно. Нам оршин тогтнож байж цааш улс орон оршин тогтноно. Үүнээс ихээхэн зүйл хамаарах учраас хаа хаанаа санаа тавьж байна.

Нэн тэргүүнд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг лхагва гарагт УИХ-ын даргад өргөн барьсан дагуу хэлэлцлээ. Улс төрийн баруун зүүний магнай болсон МАН, АН хоёр дундаа ойлголцсон бололтой. Жижиг намууд ч хүлээн зөвшөөрч байна. Энэ нь сонгодог парламентын зарчим бөгөөд энэхүү өөрчлөлтөөр төрд бугшаад буй олон сөрөг зүйлд цэг хатгана гэдэгт найдаж буй.

Ямартай ч нийгмийн олон талд эерэг тусгал бий болно гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна. Одоо ганц л зүйл бий. Хэрвээ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж, УИХ 152 гишүүнтэй болбол яах вэ. За, гишүүдийн тоо 76 ч бай, 99 ч бай, 152 ч бай нэг л зүйл бий. Тэр нь сонгуулийн тогтолцоо холимог тогтолцоонд орж болзошгүй бөгөөд Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьчихсан. 

Тэгэхээр намын жагсаалтад хэнийгээ оруулж, тойрогт хэнийгээ дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг “Улс төрийн намуудын тухай хууль”-тай уяж өгөх хэрэг гарна. Өөрөөр хэлбэл “Улс төрийн намуудын тухай хууль”-д хатуу заалт оруулах шаардлага бий. Намын жагсаалт нь хэн нэгэн карьер нь дуусчихсан, нийгэмд нэр нүүрээ барсан нөхдийг оруулаад байх уу, эсвэл жинхэнэ өсөх ирээдүйтэй, нэр цэвэр, эрдэм мэдлэгтэй залуусыг оруулах уу гэдэгт асуудал бий. Үүнийг зөвхөн АН дээр аваад үзэхэд удтал дарсан тамгаа өгсөн хариуд нь С.Эрдэнэд жагсаалтын дээгүүр эрэмбэ өгөх үү. Өнөөх л хөрөнгөлөг Х.Баттулга, оргож зайлсан Н.Алтанхуяг гээд эрэмбэ өгөөд байвал бахь байдгаараа л байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нийгмийн хүсэж байгаа зүйл гэвэл боловсрол мэдлэгтэй, ажлын дадлага туршлагатай залуус, дунд насны нөхдийг АН дотор ч нэрлээд эхэлжээ. Гэхдээ энд мэдлэг боловсролтой залуус гээд ажлын дадлага туршлагагүй нэн залуу үе нь АН-д багана түшиг болж чадахгүй гэдгийг ч хэлж байна. Тухайлбал, Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очир, Цөмийн энергийн газрын дарга асан, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр, Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа нарын нөхдийг ихээхэн дэмжиж байгаа аж.

Энэ нь АН төдийгүй нийгмийн захиалга учраас Лу.Гантөмөр өнөөдөр намын дотоод асуудал гэхгүйгээр бүтцийн ажилдаа нэлээд хянуур хандах хэрэгтэй. Тэгэж байж сая тарж бутарсан АН хөл дээрээ босож, нийгмийн захиалгыг биелүүлж чадна. АН-ын шинэхэн дарга өөрөө гурван ч удаа УИХ-д сонгогдож, байнгын хороодын дарга, салбарын сайдаар ажиллаж байсан туршлага бүхий ид насны нөхөр. Н.Тэгшбаярын хувьд намын дотоод ажилд оюутан ахуй цагаасаа оролцож, Цөмийн энергийн газар, Геологийн төв лабораторийг амжилттай удирдаж байсан ид насны нөхөр. Өнөөх л цөмийн чиглэлд үндэсний хэмжээний хөтөлбөр гарган ажиллаж байсныг эрдэмтэд зүй ёсоор үнэлсэн физикийн шинжлэх ухааны доктор. Энэ утгаараа АН-ын удирдлагын багт ажиллах төдийгүй нийгэм, улс төрд нэг дүр байж чадна гэсэн үг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нараас харахад физикийн шинжлэх ухааны хүмүүс нам бүү хэл улс орныг ч муугүй удирддаг бололтой. Н.Алтанхуяг хэдийгээр “Муу нэртэй луу данстай” Ерөнхий сайдаар ажиллах хоёр жилийн хугацаанд олон л ажил амжуулсан гэдгийг надаар хэлүүлэх юун.

Мөнхүү Ж.Амарсанаагийн хувьд намын дотоод ажилд оролцохоос гадна Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллах хугацаандаа том том төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Ж.Амарсанаа элэгний В, С вирусын эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудлаар ДЭМБ-тай хамтран, үндэсний хөтөлбөрийг 2014 онд санаачилж байсан нь өдгөө хэрэгжиж, үр дүнгээ өгсөөр байна. Доктор Б.Ган-Очирын хувьд ч намын бүтцийн байгууллагад шат шатны алба хашсан туршлагаас гадна сайн хуульч гэдгийг ардчилагчид хэлж байна. Түүний хувьд АН-ын дотоод асуудал, өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх, хуулийн зөв гаргалгаа гаргах хүний нэг юм. Эдгээр залуус дээр нэмэгдээд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан, УИХ-д хоёр сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин гээд сорчлоод байвал энэ намд ажил хийж үзсэн академик түвшний нөхөд цөөнгүй бий.

Хамгийн гол нь эдгээр нөхөд эрдмийн мөр хөөж, зэрэг цол хамгаалсан, салбар салбартаа нэр хүндтэй. Нөгөө талаар улс төрийн талбарт унаж босож үзсэн туршлага бүхий гээд олон давуу тал байна. Намын шинэхэн даргын хувьд ч улс төрийн замнал сууж хат суусан хүн. Аливаа улс орны туршлагаас харж байхад парламент нь ард түмний төлөөлийн байгууллага хэдий ч тэнд эрдэм боловсролтой, салбар салбарын шинжлэх ухаанчид сонгогдон сууж байж хөгжсөн түүхтэй. Олон ургальч үзэл бүхий нийгмийг ганцхан намын төлөөллөөр ойлгож болохгүй. МАН, АН, ХҮН, ШИНЭН, МҮАН гээд бүгд л байх ёстой. Өөрөөр хэлбэл парламентын төлөөлийн зарчим энэ замаар л явна. Тэр тусмаа АН байх ёстой. Зөв замаар явбал энэ нам яах аргагүй Монголын улс төр, нийгэмд хэрэгтэй. Гагцхүү оршин тогтнож байхын тулд Л.Гантөмөр дарга АН-д шинэ салхи оруулж, удирдлагынхаа багийг академик бөгөөд ажлын дадлага туршлага дээр суурилж бүрдүүлэх шаардлага бий. 

Х.ӨЛЗИЙТ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0