Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.27/ боллоо. Хуралдаанаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэр бүхий нэг шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын холбогдох үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар болов.
Түүнчлэн Шүүгчдийн холбооноос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд, шүүгчдийн хараат бус, бие даасан байдал, нэр төрд халдсан хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой асуудлаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргахаар шийдвэрлэсэн юм.
Мөн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн шүүгчийн сургалтын хөтөлбөр зөвшилцөх тухай болон сургагч багшид олгох урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох, Албаны орон сууц эзэмшүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж, дэмжлээ.
Сэтгэгдэл (0)