Эвлэрүүлэн зуучлагчид сургалтад хамрагдаж байна

   Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтын хүрээнд шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан болон мэргэшүүлэх сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
     Сургалтын зорилго нь иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хөгжлийг нь дэмжих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх чиглэлээр шинэ мэдээлэл өгөх, мэдлэг олгоход чиглэж байгаа юм.
     Сургалтад шүүх дэх орон тооны  45 эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн 40 туслах нийт 85 хүн оролцож байна. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа сургалтыг нээж, суралцагчдад амжилт хүслээ.
     Сургалтын эхний өдөр Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Б.Мөнхзаяа “Хүний хөгжлөөс үндэсний хөгжлийг бүтээх нь”, Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, Доктор, дэд профессор Б.Энхбаяр “Зөрчлийн сэтгэл зүй, даван туулах нь” Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч-судлаач Б.Нямаа, Т.Энхгэрэл нар “Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны талуудтай эвлэрүүлэн зуучлагчийн харилцах  ур чадвар, анхаарах  зүйл, Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны талуудтай эвлэрүүлэн зуучлагчийн харилцах  ур чадвар, анхаарах  зүйл” сэдвээр тус тус удирдан явуулах юм.
 

 
     Сургалтын 2 дахь өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Барьцаа  болон фидуцийн гэрээний зарим зохицуулалт”, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал “Зээлийн гэрээтэй холбоотой маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахдаа анхаарах зүйл”,  Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2022 оны үндсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, дэд профессор Ц.Алтанцэцэг “Эвлэрүүлэн зуучлагчийн ур чадвар-талуудын оролцоонд нөлөөлөх хүчин зүйлс, анхаарах асуудал”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Л.Галбаатар "Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ба нийтийн ашиг сонирхлыг хангах нь", Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа “Эвлэрлийн гэрээ боловсруулах аргачлал” сэдвээр хичээл заана.
 

     Энэ удаагийн сургалтыг танхимын болон цахим /ZOOM/ хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар танхимаар, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар  цахимаар оролцож байна.
скачать dle 12.0